Төлбөрийн линк
Төлбөрийн линк (checkout link) нь удирдлагын булангаас үүсгээд хаана ч хуваалцаж болох, дахин ашиглагдах төлбөрийн URL юм. Линк нээгдэх бүрд шинэ checkout үүсч, худалдан авагч ердийн төлбөрийн хуудсаар QPay, SocialPay, Pocket зэрэг сувгаар төлнө.
Линк нь https://byl.mn/h/pay/{slug} хэлбэртэй нийтийн хаяг тул Facebook, Instagram, чат, имэйл, QR код — хаана ч тавьж болно. Вэбсайт, API холболт, код бичих шаардлагагүй.
Checkout-оос юугаараа ялгаатай вэ?
Checkout API-аар үүсгэсэн checkout нь нэг худалдан авалтын хуудас бөгөөд төлөгдмөгц дуусдаг. Төлбөрийн линк нь урт настай: нэг линкээр хэдэн ч харилцагч, хэдэн ч удаа төлбөр хийж болно — нээгдэх бүрд нь шинэ checkout автоматаар үүснэ.
Линкийн төрөл
Линк бүр дараах хоёр төрлийн аль нэг байна:
- Бүтээгдэхүүн, захиалга — тогтмол үнэтэй бүтээгдэхүүн зарна. Мөр бүрд бүртгэлтэй үнэ эсвэл нэр, дүнгээ шууд бичнэ (доорх хэсгүүдийг үзнэ үү).
- Худалдан авагч дүнгээ өөрөө оруулна — хандив (donation) гэх мэт чөлөөт дүнгийн төлбөр. Худалдан авагч төлбөрийн хуудсан дээрээс төлөх дүнгээ өөрөө шийднэ.
Төрөл хожим өөрчлөгдөхгүй
Линкийн төрлийг үүсгэх үедээ сонгоно; дараа нь өөрчлөх боломжгүй. Өөр төрөл хэрэгтэй бол шинэ линк үүсгэнэ.
Линк үүсгэх
- Удирдлагын буланд төслийнхөө Төлбөрийн линк цэсээр орж «Шинэ линк» товч дарна.
- Линкийн төрлөө сонгоно.
- Дараах талбаруудыг бөглөнө:
- Нэр (заавал) — 255 тэмдэгт хүртэл. Зөвхөн танд харагдах дотоод нэр; худалдан авагчид харагдахгүй.
- Төлбөрийн дараах хаяг (сонголттой) — төлбөр амжилттай болсны дараа худалдан авагчийг чиглүүлэх URL. Хоосон үлдээвэл амжилтын мэдээлэл харуулна.
- «Бүтээгдэхүүн, захиалга» бол хамгийн багадаа нэг бүтээгдэхүүн нэмнэ; «Худалдан авагч дүнгээ өөрөө оруулна» бол гарчиг болон дүнгийн тохиргоогоо бөглөнө.
- Худалдан авагчаас цуглуулах мэдээллээ сонгоно.
- Хадгалснаар линк үүсч, хуваалцахад бэлэн болно.
Худалдан авагч дүнгээ өөрөө оруулах
Хандив цуглуулах, талархлын төлбөр авах, урьдчилж дүн нь тодорхойгүй үйлчилгээнд энэ төрлийг ашиглана. Худалдан авагчид харагдах талбарууд:
- Гарчиг (заавал) — төлбөрийн хуудсан дээр гарах нэр, жишээ нь «Хандив өргөх».
- Тайлбар (сонголттой) — гарчгийн доор харагдах богино тайлбар.
- Зураг (сонголттой) — JPEG эсвэл PNG, 12MB хүртэл. Төлбөрийн хуудсыг чимж, юунд зориулж буйг ойлгомжтой болгоно.
Дүнгийн саналууд
Хамгийн ихдээ 6 бэлэн дүн оруулж болно (жишээ нь 5,000₮, 10,000₮, 20,000₮). Тэдгээр нь төлбөрийн хуудсан дээр дүнгийн талбарын доор жижиг товч хэлбэрээр гарч, дарахад талбарт шууд бөглөгдөнө. Худалдан авагч мөн өөр дүн гараар бичиж болно.
Дүнгийн хязгаар
«Дүнгийн хязгаар тогтоох» гэснийг идэвхжүүлбэл:
- Хамгийн бага дүн — үүнээс доош дүн хүлээж авахгүй.
- Хамгийн их дүн — үүнээс дээш дүн хүлээж авахгүй.
Хоёулаа сонголттой бөгөөд аль нэгийг нь дангаар нь тохируулж болно. Бэлэн дүнгүүд хязгаарын дотор багтах ёстой. Хязгаар тогтоосон эсэхээс үл хамааран нэг төлбөрийн дүн платформын дээд хязгаар 10,000,000₮-с хэтрэхгүй.
Төлбөрийн хуудсан дээр
Линкээр орж ирсэн худалдан авагчид зураг, гарчиг, тайлбар бүхий төлбөрийн хуудас нээгдэнэ. Дүнгийн талбар автоматаар идэвхжсэн байх тул дүнгээ бичээд (эсвэл бэлэн дүнгээс сонгоод), мэдээллээ бөглөж, төлбөрийн сувгаа сонгоод л төлнө — бүгд нэг хуудсан дээр. Оруулсан дүн хязгаараас гадуур бол ойлгомжтой алдаа харуулна.
Бүтээгдэхүүн заах
(Зөвхөн «Бүтээгдэхүүн, захиалга» төрлийн линкэд хамаарна.)
Линкийн мөр бүр хоёр төрлийн аль нэг байна:
- Бүртгэлтэй үнэ — Бүтээгдэхүүн цэсэнд бүртгэсэн үнээ сонгоно. Линк тухайн үеийн үнээр зарна: үнэ өөрчлөгдвөл линкээ дахин үүсгэх шаардлагагүй. Барааны үлдэгдэл болон бүтээгдэхүүний хүрээтэй хөнгөлөлт зөвхөн бүртгэлтэй үнэтэй ажиллана.
- Шинэ нэр, дүн — бүтээгдэхүүн бүртгэхгүйгээр нэр (255 тэмдэгт хүртэл) болон нэгж үнээ шууд бичнэ.
Давтагдах үнэ дэмжигдэхгүй
Төлбөрийн линк нь нэвтрээгүй, урьдчилан тодорхойгүй худалдан авагчид зориулагдсан тул давтагдах (recurring) үнэ линк дээр зарагдахгүй. Багц (subscription) зарахдаа Checkout API-г ашиглана уу.
Тоо ширхэг
Мөр бүр тогтмол тоо ширхэгтэй (хамгийн багадаа 1). «Худалдан авагч тоо ширхэгээ өөрчлөх боломжтой» гэснийг идэвхжүүлбэл худалдан авагч төлбөрийн хуудсан дээрээс тоогоо өөрөө сонгоно:
- Хамгийн бага — өгөгдмөл 1.
- Хамгийн их — хоосон үлдээвэл хязгааргүй.
Бүтээгдэхүүнд зарах тоо тохируулсан бол сонгож болох дээд хязгаар нь боломжит үлдэгдлээс хэтрэхгүй байхаар автоматаар багасна.
Худалдан авагчаас цуглуулах мэдээлэл
| Тохиргоо | Өгөгдмөл | Тайлбар |
|---|---|---|
| Имэйл хаяг | Асууна | Худалдан авагчийн имэйлийг төлбөрийн явцад асууна. |
| Утасны дугаар | Асуухгүй | Утасны дугаар асууна. |
| Хүргэлтийн хаяг | Асуухгүй | Хүргэлтийн хаягийг бөглүүлнэ. |
| Хөнгөлөлтийн код | Хаалттай | Идэвхжүүлбэл худалдан авагч хөнгөлөлтийн код оруулж болно. |
Цуглуулсан мэдээлэл checkout бүрийн хамт хадгалагдаж, checkout.completed webhook-д багтаж очно.
Нэмэлт талбар
Дээрх стандарт талбаруудаас гадна линк бүрд 3 хүртэл өөрийн асуулт нэмж болно — жишээ нь байгууллагын нэр, НӨАТ дугаар, суудлын төрөл. Худалдан авагч төлбөрийн хуудсан дээр имэйл, утасны дараа эдгээрийг бөглөнө.
| Тохиргоо | Тайлбар |
|---|---|
| Асуулт | Худалдан авагчид харагдах нэр. 100 тэмдэгт хүртэл. |
| Төрөл | Текст (255 тэмдэгт хүртэл), Тоо (зөвхөн цифр — НӨАТ, регистрийн дугаар зэрэгт), Сонголт (та өгсөн жагсаалтаас нэгийг сонгоно; мөр бүрд нэг сонголт бичнэ). |
| Заавал бөглөх | Идэвхтэй бол хоосон орхиж болохгүй. |
| Түлхүүр (key) | API, webhook-д хариултыг таних нэр (a-z, 0-9, _). Хоосон үлдээвэл асуултаас автоматаар үүснэ (жишээ нь «Байгууллага» → baiguullaga). Webhook-оо түлхүүрээр уншдаг бол засварын үед хэвээр нь үлдээнэ. |
Хариулт нь төлбөрийн дэлгэрэнгүй хуудсанд харагдаж, checkout.completed webhook-ийн custom_fields массивт талбар бүрийн key, label, type, value-тэй ирнэ. Сонголт төрлийн value нь сонголтын түлхүүр (жишээ нь «VIP» → vip) байна — дэлгэрэнгүйг webhook хуудсаас үзнэ үү.
Талбарын өөрчлөлт дараагийн нээлтээс эхлэн үйлчилнэ; аль хэдийн төлөгдсөн checkout-ууд өөрсдийн хариултаа хадгалсаар байна.
Барааны үлдэгдэлтэй ажиллах
Линк дээрх бүтээгдэхүүнд зарах тоо тохируулсан бол:
- Үлдэгдэл линкийн хамгийн бага хэрэгцээг хангахгүй болмогц линк «дууссан» хуудас харуулж, шинэ захиалга авахгүй. Нэг бүтээгдэхүүнийг олон мөрөнд зарж байвал мөрүүдийн нийлбэрээр тооцно.
- Худалдан авагчийн сонгож болох дээд тоо боломжит үлдэгдлээр хязгаарлагдана.
- Өөр худалдан авагчийн төлж дуусаагүй захиалга үлдэгдлийг түр эзэлдэг тул линк түр «дууссан» байж болно — тэр захиалга төлөгдөхгүй өнгөрвөл линк өөрөө дахин нээгдэнэ.
Үлдэгдлээ нэмбэл (эсвэл хязгаарыг нь авбал) линк ямар ч үйлдэлгүйгээр дахин зарж эхэлнэ.
QR код
Линкийн дэлгэрэнгүй хуудсанд линкийн QR код харагдана. «QR татах» товчоор PNG хэлбэрээр татаж аваад хэвлэх, кассын дэргэд байрлуулах, постер, брошюр дээрээ тавих боломжтой. Худалдан авагч QR-ийг уншуулмагц шууд төлбөрийн хуудас руу орно.
Линкээ удирдах
- Идэвхгүй болгох / Идэвхжүүлэх — идэвхгүй линк нээгдэхгүй (404). Худалдан авалтыг түр зогсоохдоо үүнийг ашиглана.
- Засах — нэр, бүтээгдэхүүн, дүнгийн тохиргоог хэзээ ч өөрчилж болно (төрлөөс бусад). Өөрчлөлт дараагийн нээлтээс эхлэн үйлчилнэ.
- Устгах — төлбөр хийгдээгүй линкийг устгаж болно. Төлбөр хийгдсэн линк түүхээ хадгалахын тулд устгагдахгүй — идэвхгүй болгоно.
- Линкийн дэлгэрэнгүй хуудсанд төлөгдсөн захиалгууд (имэйл, дүн, огноо) жагсаана. Нэмэлт талбарын хариултыг тухайн төлбөрийн дэлгэрэнгүй хуудсанд харна.
Тэмдэглэл
- Линк нээгдэх бүрд 24 цагийн хугацаатай шинэ checkout үүснэ. Линк өөрөө хугацаагүй, хэрэглээний хязгааргүй.
- Идэвхтэй линкийн тоо таны Byl багцаас хамаарна: Starter 5, Growth хязгааргүй. Тест горимд хязгаар үйлчлэхгүй. Хязгаарт хүрсэн бол багцаа дээшлүүлэх эсвэл ашиглахаа больсон линкээ идэвхгүй болгоно.
- Тест төслийн линк тест горимд ажиллана — live-д зарж эхлэхдээ live төсөл дээрээ линкээ үүсгэнэ.
- Линкээр төлөгдсөн худалдан авалт ердийн
checkout.completedwebhook болон мэдэгдэл илгээнэ. - Төлбөрийн линкийг одоогоор зөвхөн удирдлагын булангаас удирдана (API байхгүй).
Дараагийн алхам
- Барааны үлдэгдэл — зарах тоо тохируулж, линкээ үлдэгдэлтэй уялдуулах
- Хөнгөлөлтийн код — линк дээрээ хөнгөлөлт зөвшөөрөх
- Webhook — төлбөр бүрийг системдээ автоматаар бүртгэх