Skip to content

Эхлүүлэх заавар

Энэ заавар таныг бүртгэлээс эхлээд эхний төлбөрөө хүлээн авах хүртэл алхам алхмаар хөтөлнө. Бүх алхмыг Test горимд, ямар ч төлбөргүйгээр туршиж болно.

1. Бүртгүүлж, төсөл үүсгэх

  1. byl.mn/dashboard хаягаар бүртгүүлнэ.
  2. Багаа үүсгэнэ — Byl дээрх бүх зүйл (төсөл, токен, баталгаажуулалт) багт харьяалагдана. Хамтран ажиллагсдаа дараа нь багтаа урьж болно.
  3. Төслөө үүсгэнэ — төсөл нь таны нэг бизнес, вебсайт эсвэл аппликейшн юм.

Шинэ төсөл Test горимд үүснэ: бүх зүйл бодит горимтой ижил ажиллах бөгөөд гүйлгээ бүр 50 төгрөгөөр хязгаарлагдана. Дэлгэрэнгүйг Test ба Live хуудаснаас уншина уу.

2. Эхний нэхэмжлэхээ үүсгэх

Хамгийн хурдан туршилт — удирдлагын булангийн Нэхэмжлэх цэсээр орж гараар нэхэмжлэх үүсгээд, гарч ирэх линкээр орж 50 төгрөгийн туршилтын төлбөр төлж үзнэ.

API-аар туршихыг хүсвэл:

  1. Төслийнхөө Тохиргоо → API токэн хуудаснаас токен үүсгэнэ.
  2. Төслийн ID-гаа Тохиргоо цэснээс хуулна.
  3. Дараах хүсэлтийг ажиллуулна:
shell
BYL_PROJECT_ID="таны төслийн ID"
BYL_TOKEN="таны API token"

curl -X POST https://byl.mn/api/v1/projects/$BYL_PROJECT_ID/invoices \
    -H "Authorization: Bearer $BYL_TOKEN" \
    -H 'Accept: application/json' \
    -H 'Content-Type: application/json' \
    -d '{ "amount": 1000, "description": "Миний эхний нэхэмжлэх" }'

Хариунд ирэх url руу орж төлбөрийн урсгалыг туршина. API-ийн бүрэн боломжийг API тойм хуудаснаас үзнэ үү. Laravel хэрэглэдэг бол Laravel SDK-г шууд суулгаж болно.

3. Төлбөр төлөгдсөнийг системдээ мэдэх

Төлбөр төлөгдмөгц Byl таны сервер рүү webhook илгээдэг — invoice.paid, checkout.completed зэрэг event-үүдийг хүлээн авч захиалгаа автоматаар баталгаажуулна. Төслийнхөө Webhook цэсээс endpoint-оо бүртгэнэ.

Мөн Telegram, Discord руу хүнд зориулсан мэдэгдэл тохируулж болно.

4. Live горимд шилжих

Бодит төлбөр хүлээн авахад бэлэн болмогц дараах гурван нөхцөлийг хангана:

  1. Бизнесээ баталгаажуулна — баталгаажуулалт амжилттай болмогц QPay мерчант эрх, үндсэн банкны данс автоматаар үүснэ.
  2. Багц идэвхжүүлнэ — өөрт тохирох багцаа сонгоно.
  3. Үндсэн данстай эсэхээ шалгана — орлого орох данс тодорхой байх ёстой.

Дараа нь төслийн Тохиргоо хэсгээс Live горимд шилжинэ. Test горимд бичсэн код Live горимд өөрчлөлтгүй ажиллана — зөвхөн Live төслийн токен, ID-гаар солино.

Дараагийн алхам