Skip to content

Төлбөрийн хэлбэр

Төлбөрийн хэлбэр нь таны харилцагч төлбөрөө төлөх арга юм. Byl одоогоор QPay, Голомт банк (SocialPay-ийн хамт), Pocket, Банкны шилжүүлэг гэсэн хэлбэрүүдийг дэмждэг бөгөөд төсөл бүр дээр аль хэлбэрээ идэвхжүүлэхээ өөрөө сонгоно.

Идэвхжүүлсэн бүх хэлбэр нэхэмжлэх болон checkout-ийн хуудсан дээр харилцагчид автоматаар санал болгогдоно — та кодоо өөрчлөх шаардлагагүй.

Тохиргоог удирдлагын буланд төслийнхөө Төлбөрийн хэлбэр цэсээс хийнэ.

WARNING

Идэвхгүй төлбөрийн хэлбэрээр төлбөр үүсгэх API хүсэлт inactive_payment_method_type алдаа буцаана. Алдааны дэлгэрэнгүйг API тойм хуудаснаас уншина уу.

QPay

QPay-ээр харилцагч бүх банкны аппликейшнээс QR уншуулан төлбөр төлнө.

QPay мерчант эрхийг гараар үүсгэх шаардлагагүйбизнесийн баталгаажуулалт амжилттай болмогц баталгаажсан мэдээлэлд үндэслэн автоматаар үүснэ. Үүссэний дараа Төлбөрийн хэлбэр хуудсанд мерчантын дугаар харагдаж, "Идэвхтэй" төлөвт шилжинэ.

Хэрэв мерчант эрх үүсгэхэд алдаа гарвал бизнесийн баталгаажуулалтын хуудаснаас дахин оролдоно.

QPay шимтгэл ба и-баримт (мэдээлэл)

QPay нь QR гүйлгээ бүрээс гэрээгээр тогтоосон хувийн шимтгэл (нийтлэг нөхцөлд 1%) суутгаж, үлдэх дүнг танай дансанд шилжүүлдэг. Энэ нь QPay-ийн төлбөрийн үйлчилгээний хөлс бөгөөд byl-ийн шимтгэл биш — byl нь багцын (subscription) загвартай бөгөөд гүйлгээнээс төлбөр авдаггүй.

Жишээ нь харилцагч ₮10,000 төлбөл:

МөрДүнХэнд очих вэ
Харилцагчийн төлсөн дүн₮10,000
QPay шимтгэл (~1%)₮100QPay
Танай дансанд орох дүн₮9,900Та
byl-д төлөх дүн₮0— (зөвхөн сарын багц)

Удирдлагын буланд төлбөрийн дэлгэрэнгүй хуудсанд Төлбөрийн хэлбэрийн шимтгэл мөрөөр энэ суутгалыг тооцоолж харуулна. Гэрээгээр тохирсон хувь тань 1%-иас өөр бол бодит суутгал ялгаатай гарна.

Нягтлан бодох бүртгэл, татварын тайландаа дараахь зүйлийг анхаарна уу:

  • Худалдан авагчид олгох и-баримтыг (НӨАТ-ын баримт) бүтэн дүнгээр гаргана — худалдан авагч бүтэн дүнгээр төлсөн тул шимтгэлийг хасаад баримт гаргах шаардлагагүй.
  • Шимтгэлийн баримтыг QPay өөрөө гаргаж, танай и-баримт руу шивж өгдөг — сард 2 удаа (сарын дунд болон сарын сүүлээр), гүйлгээнээс тусад нь. Эдгээр баримтыг нягтлан бодох бүртгэлдээ зарлага болгоно.
  • Ингэснээр борлуулалтын орлого (бүтэн дүн) − QPay шимтгэл (баримттай зарлага) = дансанд орсон дүн гэж таардаг тул татварын хувьд зөрүүтэй орлого үүсэхгүй.

TIP

byl-ээс илгээгддэг баримт нь НӨАТ-ын баримт биш — энэ нь төлбөр хийгдсэнийг баталгаажуулсан төлбөрийн баримт юм. НӨАТ-ын баримтыг (и-баримт) худалдан авагчид ebarimt системээр гаргах нь танай үүрэг.

Голомт банк (SocialPay)

Голомт банкны мерчант эрхээр картын төлбөр болон SocialPay-ийг хүлээн авна. Голомт банкнаас авсан мерчант эрхийн тохиргоо шаардлагатай:

  1. Голомт банкнаас e-commerce мерчант эрх авна.
  2. Төлбөрийн хэлбэр хуудасны Golomt хэсэгт Холбох товчийг дарна.
  3. Дараах мэдээллийг оруулна:
    • Орчинproduction (бодит) эсвэл development (туршилтын).
    • Access token — Голомт банкнаас өгсөн токен.
    • Hash key — Голомт банкнаас өгсөн түлхүүр.
  4. Хадгалснаар холболт шалгагдаж, амжилттай бол "Идэвхтэй" болно.

Pocket

Pocket аппликейшнээр төлбөр хүлээн авна. Pocket-оос авсан мерчант эрхийн тохиргоо шаардлагатай:

  1. Pocket-оос мерчант эрх авна.
  2. Төлбөрийн хэлбэр хуудасны Pocket хэсэгт Холбох товчийг дарна.
  3. Client ID болон Client secret-ээ оруулна.
  4. Хадгалснаар холболт шалгагдаж, салбар, терминалын тохиргоо автоматаар хийгдэнэ.

Доод дүн

Pocket-ээр төлөх дүн 500 төгрөгөөс их байх шаардлагатай. Үүнээс бага дүнтэй төлбөрт Pocket сонголт ажиллахгүй (invalid_payment_amount_for_pocket_driver алдаа).

Банкны шилжүүлэг

Худалдан авагч таны банкны данс руу шууд шилжүүлэг хийж, та дансны хуулгаа шалгаад төлбөрийг гараар баталгаажуулна. Гарцын шимтгэлгүй, мерчант эрх шаардлагагүй — төсөлд дор хаяж нэг банкны данс бүртгэгдсэн байх л хэрэгтэй.

  1. Төлбөрийн хэлбэр хуудасны Банкны шилжүүлэг хэсэгт Холбох товчийг дарна.
  2. Худалдан авагчид харуулах дансыг сонгоно (default: үндсэн данс).

Худалдан авагчийн урсгал:

  1. Төлбөрийн хуудсанд «Дансаар шилжүүлэх» сонгоход танай данс, шилжүүлэх дүн, 6 оронтой гүйлгээний код харагдана. Кодыг гүйлгээний утга дээр бичихийг заана.
  2. Шилжүүлсний дараа «Шилжүүлсэн» товч дарахад checkout pending төлөвт орж, танд payment.awaiting_verification мэдэгдэл ирнэ (Telegram/Discord суваг холбоогүй бол төслийн имэйл рүү).
  3. Та Төлбөр хуудасны «Баталгаажуулах хүлээгдэж буй» шүүлтүүрээс уг гүйлгээг олж, дансандаа ирсэн дүнг бичээд Баталгаажуулах эсвэл шалтгаантайгаар Татгалзах үйлдэл хийнэ.
  4. Баталгаажуулмагц төлбөр төлөгдсөнд тооцогдож, ердийн checkout.completed / invoice.paid webhook, мэдэгдэл, баримт илгээгдэнэ. Татгалзвал checkout дахин нээгдэж, худалдан авагч шинэ кодтой дахин шилжүүлэх эсвэл өөр аргаар төлөх боломжтой.

Хүлээх хугацаа

Худалдан авагч «Шилжүүлсэн» гэж мэдэгдсэнээс хойш 3 хоног баталгаажуулах хугацаа өгдөг; дуусахаас 24 цагийн өмнө payment.verification_due сануулга ирнэ. Хугацаа дуусвал checkout хүчингүй болно. Худалдан авагч товч дараагүй ч та хуулга дээрх кодоор гүйлгээг олж баталгаажуулж болно.

Хязгаарлалт

Багцын (subscription) төлбөрт банкны шилжүүлэг ажиллахгүй — сунгалт автоматаар хийгдэх ёстой. Ирсэн дүн зөрүүтэй бол зөрүүг мэдэж байгаагаа тэмдэглээд баталгаажуулах буюу татгалзах; хэсэгчилсэн төлбөр дэмжигдэхгүй.

Тохиргоог засах, салгах

  • Холболтын мэдээллээ шинэчлэхдээ Тохиргоог засах товчоор дахин оруулна. Нууц талбарыг (access token, hash key, client secret) хоосон үлдээвэл өмнөх утга хэвээр хадгалагдана.
  • Буруу холболтын мэдээлэл илэрсэн тохиолдолд тухайн хэлбэр автоматаар идэвхгүй болж, багийн гишүүдэд имэйлээр мэдэгдэнэ.
  • Төлбөрийн хэлбэрийг Салгах товчоор устгаж болно — гэхдээ тухайн хэлбэрээр хийгдсэн төлбөр байвал түүх хамгаалагдах үүднээс устгах боломжгүй.

Дараагийн алхам