Агуулга руу шилжих

Төлбөрийн хэлбэр

Төлбөрийн хэлбэр нь таны харилцагч төлбөрөө төлөх арга юм. Byl одоогоор QPay, Голомт банк (SocialPay-ийн хамт), Pocket, Банкны шилжүүлэг гэсэн хэлбэрүүдийг дэмждэг бөгөөд төсөл бүр дээр аль хэлбэрээ идэвхжүүлэхээ өөрөө сонгоно.

Идэвхжүүлсэн бүх хэлбэр нэхэмжлэх болон checkout-ийн хуудсан дээр харилцагчид автоматаар санал болгогдоно — та кодоо өөрчлөх шаардлагагүй.

Тохиргоог удирдлагын буланд төслийнхөө Төлбөрийн хэлбэр цэсээс хийнэ.

QPay-ээр харилцагч бүх банкны аппликейшнээс QR уншуулан төлбөр төлнө.

QPay мерчант эрхийг гараар үүсгэх шаардлагагүй — бизнесийн баталгаажуулалт амжилттай болмогц баталгаажсан мэдээлэлд үндэслэн автоматаар үүснэ. Үүссэний дараа Төлбөрийн хэлбэр хуудсанд мерчантын дугаар харагдаж, “Идэвхтэй” төлөвт шилжинэ.

Хэрэв мерчант эрх үүсгэхэд алдаа гарвал бизнесийн баталгаажуулалтын хуудаснаас дахин оролдоно.

QPay шимтгэл ба и-баримт (мэдээлэл)

“QPay шимтгэл ба и-баримт (мэдээлэл)” хэсэг

QPay нь QR гүйлгээ бүрээс гэрээгээр тогтоосон хувийн шимтгэл (нийтлэг нөхцөлд 1%) суутгаж, үлдэх дүнг танай дансанд шилжүүлдэг. Энэ нь QPay-ийн төлбөрийн үйлчилгээний хөлс бөгөөд byl-ийн шимтгэл биш — byl нь багцын (subscription) загвартай бөгөөд гүйлгээнээс төлбөр авдаггүй.

Жишээ нь харилцагч ₮10,000 төлбөл:

Мөр Дүн Хэнд очих вэ
Харилцагчийн төлсөн дүн ₮10,000 —
QPay шимтгэл (~1%) ₮100 QPay
Танай дансанд орох дүн ₮9,900 Та
byl-д төлөх дүн ₮0 — (зөвхөн сарын багц)

Удирдлагын буланд төлбөрийн дэлгэрэнгүй хуудсанд Төлбөрийн хэлбэрийн шимтгэл мөрөөр энэ суутгалыг тооцоолж харуулна. Гэрээгээр тохирсон хувь тань 1%-иас өөр бол бодит суутгал ялгаатай гарна.

Нягтлан бодох бүртгэл, татварын тайландаа дараахь зүйлийг анхаарна уу:

  • Худалдан авагчид олгох и-баримтыг (НӨАТ-ын баримт) бүтэн дүнгээр гаргана — худалдан авагч бүтэн дүнгээр төлсөн тул шимтгэлийг хасаад баримт гаргах шаардлагагүй.
  • Шимтгэлийн баримтыг QPay өөрөө гаргаж, танай и-баримт руу шивж өгдөг — сард 2 удаа (сарын дунд болон сарын сүүлээр), гүйлгээнээс тусад нь. Эдгээр баримтыг нягтлан бодох бүртгэлдээ зарлага болгоно.
  • Ингэснээр борлуулалтын орлого (бүтэн дүн) − QPay шимтгэл (баримттай зарлага) = дансанд орсон дүн гэж таардаг тул татварын хувьд зөрүүтэй орлого үүсэхгүй.

Голомт банкны мерчант эрхээр картын төлбөр болон SocialPay-ийг хүлээн авна. Голомт банкнаас авсан мерчант эрхийн тохиргоо шаардлагатай:

  1. Голомт банкнаас e-commerce мерчант эрх авна.
  2. Төлбөрийн хэлбэр хуудасны Golomt хэсэгт Холбох товчийг дарна.
  3. Дараах мэдээллийг оруулна:
    • Орчин — production (бодит) эсвэл development (туршилтын).
    • Access token — Голомт банкнаас өгсөн токен.
    • Hash key — Голомт банкнаас өгсөн түлхүүр.
  4. Хадгалснаар холболт шалгагдаж, амжилттай бол “Идэвхтэй” болно.

Pocket аппликейшнээр төлбөр хүлээн авна. Pocket-оос авсан мерчант эрхийн тохиргоо шаардлагатай:

  1. Pocket-оос мерчант эрх авна.
  2. Төлбөрийн хэлбэр хуудасны Pocket хэсэгт Холбох товчийг дарна.
  3. Client ID болон Client secret-ээ оруулна.
  4. Хадгалснаар холболт шалгагдаж, салбар, терминалын тохиргоо автоматаар хийгдэнэ.

Худалдан авагч таны банкны данс руу шууд шилжүүлэг хийж, та дансны хуулгаа шалгаад төлбөрийг гараар баталгаажуулна. Гарцын шимтгэлгүй, мерчант эрх шаардлагагүй — бизнест дор хаяж нэг банкны данс бүртгэгдсэн байх л хэрэгтэй.

  1. Төлбөрийн хэлбэр хуудасны Банкны шилжүүлэг хэсэгт Холбох товчийг дарна.
  2. Худалдан авагчид харуулах дансыг сонгоно (default: төслийн данс).

Худалдан авагчийн урсгал:

  1. Төлбөрийн хуудсанд «Дансаар шилжүүлэх» сонгоход танай данс, шилжүүлэх дүн, 6 оронтой гүйлгээний код харагдана. Кодыг гүйлгээний утга дээр бичихийг заана.
  2. Шилжүүлсний дараа «Шилжүүлсэн» товч дарахад checkout pending төлөвт орж, танд payment.awaiting_verification мэдэгдэл ирнэ (Telegram/Discord суваг холбоогүй бол төслийн имэйл рүү).
  3. Та Төлбөр хуудасны «Баталгаажуулах хүлээгдэж буй» шүүлтүүрээс уг гүйлгээг олж, дансандаа ирсэн дүнг бичээд Баталгаажуулах эсвэл шалтгаантайгаар Татгалзах үйлдэл хийнэ.
  4. Баталгаажуулмагц төлбөр төлөгдсөнд тооцогдож, ердийн checkout.completed / invoice.paid webhook, мэдэгдэл, баримт илгээгдэнэ. Татгалзвал checkout дахин нээгдэж, худалдан авагч шинэ кодтой дахин шилжүүлэх эсвэл өөр аргаар төлөх боломжтой.

Баталгаажуулалтыг API-аар ч хийж болно. Platform багийн харилцагчийн төсөлд мөнгө харилцагчийн дансанд ордог тул харилцагч имэйлээр ирсэн холбоосоор нэвтрэлгүй баталгаажуулна (дэлгэрэнгүй).

Тохиргоог засах, салгах

“Тохиргоог засах, салгах” хэсэг
  • Холболтын мэдээллээ шинэчлэхдээ Тохиргоог засах товчоор дахин оруулна. Нууц талбарыг (access token, hash key, client secret) хоосон үлдээвэл өмнөх утга хэвээр хадгалагдана.
  • Буруу холболтын мэдээлэл илэрсэн тохиолдолд тухайн хэлбэр автоматаар идэвхгүй болж, багийн гишүүдэд имэйлээр мэдэгдэнэ.
  • Төлбөрийн хэлбэрийг Салгах товчоор устгаж болно — гэхдээ тухайн хэлбэрээр хийгдсэн төлбөр байвал түүх хамгаалагдах үүднээс устгах боломжгүй.